Хавар цаг ирж, цас хайлмагтан урин дулаан болохуй Балжид эмгэн орон гаран хэн нэгнийг харуулдана. Энд тэндгүй онгорхой зарим газрууд төмөр, заримд нь шуудайгаар бөглөчихсөн гурван тал хашаа байх. Даамангийн их хаалганы нэг тал нь салаад уначихсан, жижиг хаалга нь салхины аясаар чихарч дуугарах нь энэ хашаан доторх амьдралын уйл, дуулан, гасалж байна уу гэлтэй. Балжид эмгэн газар дээр ганц охинтой хүн. Тэр жил охин нь
- Ээжээ та бид 2 сайхан амьдрах болно. Би Солонгост ажиллахаар боллоо. Одоо мөнгө байхгүй юм чинь байраа зараад, танд хашаа гэр аваад өгье. Тэгээд сар бүр таньд мөнгө явуулна.
- Охин минь тэнд чинь тэгээд тийм сайхан газар  уу?
- Тэгэлгүй яахав дээ, Ээж минь хүн болгон л Солонгос явахын мөрөөсөл болж байхад чинь ,... Харин би их азтай хүн юм. Одоо ийм боломж олдсон дээр нь явах л хэрэгтэй.
- За, охин минь тэгж л бодож байгаа бол өөрөө л мэд... Ийн ярьснаас хойш төд удалгүй энэ хашаанд жижиг дөрвөн ханатай гэр бариад Балжид эмгэн өрх тусгаарласаар 5 жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд Балжид эмгэн охиныхоо төлөө залбираагүй өдөр нэг ч үгүй.
     Амьдрал гэдэг тэр чигээрээ ший жүжиг гэлтэй. Булбарайхан бяцхан үрээ энгэртээ тэвэрчихээд эх хүний аз жаргалыг зүрх сэтгэлдээ мэдрэн, хязгааргүй их баярлан хөөрч, өсч бойжихынх нь хэрээр халуун залуун насаа хатамжлан захирч, ганцхан охиндоо л бүгдийгээ зориулж явсан. Залуу байхад наана, цаана гэсэн эрчүүл байсан хэдий ч охиныхоо ирээдүйг бодон энэ биений жаргалаа үл тоосон нь өөрийн амьдралаа давхар золиослосон хэрэг байлаа.
     Бүүдийсэн гэрэлд тоос шороо дарсан жижиг бор авдар дээр цэмцийтэл арчсан жаазтай зураг байх нь энэ айлыг ганц чимж байгаа зүйл нь үү гэлтэй. Хорь орчим насны залуухан бүсгүй мантайсан цагаан охин тэвэрсэн ихэд жаргалтай зураг. Балжид өдөрт энэ зурагтайгаа л ярьж суух. охинтойгоо авахуулсан зураг үүнээс өөр үгүй. Хүн хүнээр дамжин 100 доллортой /3 жилийн өмнө/ ирсэн алгын чинээ захиа эмгэний ганц нандигнан шүтдэг зүйл. Торгоны өөдсөнд нямбайлан боож, гадуур нь жижиг гялгар уутанд хийгээд, авдарынхаа ёроолд гүн бат хадгална. Хааяа нэг түүнийгээ гаргаж ирэн чийдэнгийн гэрэлд ойртуулан, үсэглэн уншихдаа охинтойгоо биеэр уулзсан мэт ихэд хөөрнө. Эмгэний ихэд нандигнадаг тэр жаахан зурвас нь "Сайн байна уу? Ээжээ . Би сайн. Санаа зоволтгүй. Энэ 100 долларыг хэрэглээрэй. Би жаахан удах байх шүү. Өөр зүйлгүй. Зав байхгүй болохоор яарч бичлээ. За баяртай" ийм л хэдэн үгтэй.
     Сүүлийн хэдэн өдөр эмгэн чилээрхээд нэг л тавгүй. Охиныхоо захиаг гаргаж уншаад, далд хийхдээ - Ишш, муу охин минь хүний газар ядарч л яваа юм байх даа. Хаа хол тэндээс 100 төгрөг явуулдаг, хөгшин би үүгээр яахав дээ. Төрийн буянд тэтгэврийн мөнгө гэж сард 40 мянган төгрөг авч байгаа хүнд хүний газрын 100 төгрөг явуулаад.

/үргэлжлэл бий /

Сэтгэгдэл (2)